Жил ирэх тусам импортын бүтээгдэхүүнд зах зээлээ алдаж буй оёдлын салбарыг дэмжих нь зүйтэй гэж үзэн Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо болон УИХ-ын эмэгтэй гишүүд хамтран ажиллаж, тус салбарын манлай болсон “Бүтээлч үйлс” ХК , “Урбан бизнес групп” компанийн үйлдвэртэй танилцлаа. Энэ нь тэдний хамтран ажиллаж, үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн санал хүсэлтийг сонсож буй 4 дэх тохиолдол.

1992-2007 оны хооронд 30 мянган хүнийг ажлын байраар хангаж байсан оёдлын салбар уналтад орсоор, өнөөдөр 2600 хүнийг л ажлын байраар хангаж байна. Мөн зах зээлийн нийгэмд шилжсэнээр ихэнх үйлдвэрүүд хувьчлагдаж, ажилгүй болсон иргэд оёдлын салбарт ажиллах болсон нь тухайн үед дотоодын нийт бүтээгдэхүүний 29 хувийг бүрдүүлж байв. Гэвч өнөөдөр бид хувцас болон оёмол бүтээгдэхүүнээр гаднын улсуудаас 90 хувь хараат болжээ.

Өөрөөр хэлбэл монголчууд нийт 1.2 их наяд төгрөгний оёмол бүтээгдэхүүн хэрэглэдэг бөгөөд үүний дөнгөж 10 орчим хувийг дотоодын үйлдвэрүүд хангадаг. Иймд тус салбарыг дэмжиж чадвал энэ хөрөнгийг дотооддоо үлдээх боломжтойгоос гадна ажлын байр нэмэгдэж, дотоодын хувцас загварын бүтээгдэхүүн дэлхийд өрсөлдөх зам нээгдэнэ гэж үзэж байна.

Монгол Улсын оёдлын салбарыг манлайлж буй “Бүтээлч үйлс”компани болон “Урбан бизнес групп” компанийн удирдлагууд салбарын нөхцөл байдлын талаар танилцуулах үеэрээ “оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зориулалтаар импортлогдож байгаа даавуу материал, тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, боловсон хүчин бэлтгэхэд дэмжих, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэгт төр засаг анхаарахад л Турк улс шиг нэг тивийг хувцасаар хангаж чаддаггүй юм гэхэд дотоодоо хангах боломж бүрдэнэ”-гэдгийг хэлж байв.

Оёдлын салбарт ажилладаг монголчууд дэлхий дахинд чадвараараа үнэлэгддэг. Загвар зохион бүтээх, оёх, эсгэх гээд тэдний хийж чадахгүй, гологддог зүйл нэг ч байхгүй. Гэвч энэ салбарынхан, ялангуяа залуу үеийнхэн өөрсдийн чадвараа ашиглан эх орондоо хийж бүтээхээс татгалзсаар гаднын улсуудын өндөр цалин, том зах зээл, хөгжих боломж дүүрэн байдалд татагдаж байгаа нь маш том асуудал болжээ. Иймд тэднийг тогтоож, хүний нөөцийн асуудлаа шийдэхэд компанийн удирдлагууд анхаарч байна.

Эх сурвалж: https://mass.mn