Цар тахал, олон улсын хямралын улмаас бизнесийн орчинд тулгамдаж буй асуудалд цаашид гарц хайхаар бизнес эрхлэгчид чуулав. Эл салбарт сүүлийн 20 гаруй жилийн түүхийг бүтээж яваа топ компаниудын төлөөлөл болсон CЕО нар “Бизнесийн процессоо хурдасгах нь”, “Менежментийн стратеги”, “Санхүүжилт амжилттай татах нь” гэсэн сэдвээр өнгөрсөн сарын 27-нд хуралдсан.
Энэ үеэр нийт 1000 гаруй баялаг бүтээгч цугларч, өөр хоорондоо мэдлэг туршлагаа солилцсон юм. Зөвхөн бизнес эрхлэгчид төдийгүй эл салбарт дөнгөж гараагаа эхлэхээр төлөвлөж байгаа хүн бүр баялаг бүтээгчдийн туршлагыг бизнестээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлснээрээ энэ форумын онцлог байв. Тэд “Менежмент форум”-ыг зохион байгуулсан “Next Leaders Forum-2022” дээр цугласан нь энэ юм.
Монгол Улсын эдийн засгийг APPLE компанитай харьцуулбал нэг жилийн бүтээмжтэй тэнцүү. Нэг монгол ажилтны жилийн бүтээмж 3735 ам.доллартай тэнцдэг бол APPLE компанийн ажилтан жилийн 1.9 сая ам.долларын бүтээмжтэй ажилладаг. Иймд монгол ажилтны үнэлэмжийг дээшлүүлэх, бизнес эрхлэгчид дэлхийн зах зээлд гарахын тулд нэгийгээ өрсөлдөгчийн нүдээр бус, хамтрагчийн нүдээр харах, эвлэлдэн нэгдэх шаардлагатай гэдгийг ч дээрх форумын үеэр тодотгож байв. Дашрамд дурдахад, дээрх форумын үеэр 1500 компаниас “Бест буйдан” ХХК, “Golden Gobi”, “Urban” брэнд тус тус шалгарч, шагналын эзэн болсон юм.